Гол контент руу алгасах

Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэр


EBEX
Элсэлт Хаагдсан
Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөрт тавтай морил.

Эрдэс баялгийн салбар дахь хүний эрх, жендэрийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой энэ цахим сургалтыг Австрали, Монгол Улсын хамтран хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр “Эрдэс баялаг-Эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын зөвлөхүүдийн баг боловсрууллаа.

Бид 1-3 дугаар модулийг салбарын нийт ажилтан, 4-7 дугаар модулийг анхан шатны менежерүүдээс эхлэн, байгууллагын хүний нөөц, захирал, удирдлагын түвшинд санал болгож байна. Эрдэс баялгийн салбарын ажилтан Та хүний эрх, жендэрийн цахим сургалтад хамрагдсанаар дараах мэдлэг, ойлголтыг олж авна.

1. Модуль 1 – Би хэн бэ.

Хүний эрх нь өөрийгөө таньж, бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тиймээс эхний модулиар Та өөрийгөө таньж, бусадтай хамтран ажиллахад суралцана.

2. Модуль 2 – Би ямар эрх, үүрэгтэй вэ? хүний эрх, жендэрийн үндсэн ойлголт

Монгол Улсын Үндсэн хуулийн эрх, үүргийн шүтэн барилдлагыг ойлгож, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах тогтолцоо бүхий орчин нөхцөл бүрдэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг мэдэж авна. Эрдэс баялгийн салбар дахь хүний эрхийн түгээмэл зөрчил, тэдгээрээс зайлсхийх арга замуудыг танилцуулна. Түүнчлэн хүний эрх, жендэрийн үзэл баримтлал салбарын хөгжилд яагаад чухал болохыг олж мэднэ.

3. Модуль 3 – Миний ажиллаж амьдарч буй орчны хууль, эрх зүйн баталгаа

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, олон улсын гэрээ, конвенцуудтай танилцана. Байгууллагууд хуулийг үзэмжээрээ, сорчлон хэрэгжүүлж болзошгүй тул ажилтнууд хууль, эрх зүйн наад захын мэдлэгтэй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогчоос шаардах эрхтэйг мэдэж авна. Хөдөлмөрийн харилцаан дахь хууль, эрх зүйн зохицуулалт, зарим хуульд шинээр нэмэгдсэн өөрчлөлтүүдийг ч энэ сургалтаар хүргэнэ.

4. Модуль 4 - Хүнд ээлтэй байгууллага

Хүнд ээлтэй байгууллагын тогтолцоо уламжлалт, хэвшмэл байгууллагаас ямар ялгаатайг олж мэднэ. Байгууллагын үндсэн чадамж, өрсөлдөөнд давуу тал бий болгох гол хүч нь нэгдүгээрт хүн, хоёрдугаарт соёл учраас хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг байгууллагын соёлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг ч мэдэж авна.

5. Модуль 5 - Хүнд ээлтэй ажлын байр

Байгууллага урт хугацаанд оршин тогтнож, тогтвортой хөгжихийн тулд ажилтандаа ээлтэй, аюулгүй, сурч хөгжих боломжтой орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ нь нэг талаас ажилтны эрхийг хангаж байгаа бол нөгөө талаас ажилтны бодит ур чадвар, мэдлэгийн нөөцөд тулгуурлан байгууллагын бүтээмж нэмэгдэхэд бодитоор нөлөөлнө. Эрхэм та ажлын байраа хэрхэн урлахад ч мөн суралцана.

6. Модуль 6 - Хүн төвтэй төсөвлөлт

Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ шаардлага, тэгш эрх, тэгш боломж, тэгш оролцоо, тэгш хүртээмжийг төсвийн бодлогоор хангах арга зам юм. Аливаа байгууллага хүний эрх, жендэрийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, тогтоомжид нийцүүлэн, байгууллагын соёл, бодлого төлөвлөгөөндөө тусгасны дагуу Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийснээр бүрэн дүүрэн нотлогддог болохыг мэдэж авна.

7. Модуль 7 - Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй удирдлагын манлайлал

Удирдлагын манлайллын ерөнхий ойлголт, жендэрийн мэдрэмжтэй удирдлагын үндсэн шинж, байгууллагадаа хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад удирдлага ямар үүрэгтэйг олж мэднэ.

ЦАХИМ СУРГАЛТЫН БҮТЭЦ:

Цахим сургалтын модуль бүр танилцуулга, гурван хэсэг бүхий видео хичээлтэй. Видео хичээл бүрийн дор хэлэлцүүлгийн цонх байрлуулсан. Суралцагч өгөгдсөн асуултад хариулахаас гадна өөр хоорондоо мэдлэгээ хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх зэргээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм. Видео хичээл бүрийн дараа сорилын асуултад хариулж, мэдлэгээ бататгана. Хэлэлцүүлэг дэх асуулт, хариулт ил тод, нээлттэй зарчмаар явах бол мэдлэг шалгах сорилд хэрхэн хариулсан нь олон нийтэд ил харагдахгүй. Тиймээс ичиж, эмээлгүй мэдлэгээ баталгаажуулна уу. Түүнчлэн нэмэлтээр унших номын жагсаалт, татаж авч, ашиглах материалуудыг бид хавсаргалаа. Сургалтын нэг модулийг бүрэн үзэж, судлахад та 1 цаг гаруй хугацаа зарцуулна. Сургалт нээлттэй байх хугацаанд та дахин давтан суралцах боломжтой.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!